Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “Сар бүрийн сүүлийн долоо хоногийн Ням гараг”-ийг нийслэлчүүдийн “Гэр бүлийн өдөр” болгон зарласан.

Мөн Нийслэлийн Засаг Даргын 2017 оны нийгэм эдийн засгийн зорилтод гэр бүлийн өдрийг тэмдэглэн хэвшүүлэхээр тусгагджээ. “Нийслэлийн гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, “Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл” ТББ-аас санаачилж, хамтран зохион байгуулсан “НИЙСЛЭЛИЙН САЙН ГЭР БҮЛ” шалгаруулах сарын аяны хаалтын үйл ажиллагаа буюу ТАЙЛАНГИЙН БАЯР-ын арга хэмжээ 2017 оны тавдугаар сарын 27-ны өдөр 13:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Аяны хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 18 цэцэрлэгийн 1000 эцэг эхэд “Шинэ үеийн хүүхдийг зөв төлөвшүүлэх арга ухаан” сургалт зохион байгуулж, “Сайн мууг ялгая-2” буюу нийгэм олон нийтийн дунд биеэ зөв авч явахад туслах 60 дадал номыг бэлэглэн сургалтад хамрагдаж, ном бэлгэнд авсан гэр бүлүүд номын дагуу хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, зөв буруу, сайн муу зүйлийг ойлгуулж, хүүхдэдээ бага наснаас нь эерэг хандлага, зөв дадал хэвшил олгоход анхаарч, бүлгийн багштай хамтран ажиллажээ.

“Нийслэлийн сайн гэр бүл” шалгаруулах сарын аянд

  • Сүхбаатар дүүргийн 54, 68-р цэцэрлэг,  
  • Чингэлтэй дүүргийн 39, 108-р цэцэрлэг,
  • Баянзүрх дүүргийн 45, 115-р цэцэрлэг,
  • Хан-Уул дүүргийн 46, 72-р цэцэрлэг,
  • Баянгол дүүргийн 98, 242, 88-р цэцэрлэг,
  • Багахангай дүүргийн 44-р цэцэрлэг,
  • Налайх дүүргийн 208-р цэцэрлэг,
  • Багануур дүүргийн 193, 139-р цэцэрлэг,
  • Сонгинохайрхан дүүргийн 113, 119, 226-р цэцэрлэгүүд хамрагдсан.

“Нийслэлийн сайн гэр бүл шалгаруулах аян”-д идэвхтэй оролцож хүүхдэдээ олон эерэг хандлага, зөв дадал олгож, цэцэрлэгийн эцэг эхчүүдийг манлайлж ажилласан шилдэг 18 гэр бүлийг “Нийслэлийн сайн гэр бүл”-ээр өргөмжилж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Ц.Сандуй энэхүү аяны үйл ажиллаганд оролцсон 70 хүүхэд, 18 гэр бүлүүдэд өөрийн гарын бэлэг, Өргөмжлөл, гэр бүлээрээ нийтийн тээврээр сар үнэгүй зорчих карт, гэр бүлээрээ усан бассейнд хөнгөлөлттэй үнээр хамрагдах эрхийн бичиг зэрэг олон шагналаар урамшуулах юм.

Энэхүү аяны хаалтын үйл ажиллагааг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, “СӨБ-ын шинэчлэл” ТББ, Нийслэлийн усан спорт сургалтын төв, “Монгол контент” ХХК, Үлэг гүрвэлийн музей, “Гранд эвент” ХХК зэрэг долоон  байгууллагын төлөөлөл хамтран зохион байгуулж байна.

Аянд нэгдсэн эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, зөв бурууг ойлгуулснаар хүүхдэд төдийгүй гэр бүлд нь олон эерэг хандлага бий болсон тул цаашид илүү өргөн хүрээнд бүхий л цэцэрлэгүүдийн эцэг эхчүүдийг хамруулах хүсэлт тавьсаар байна. Иймд аяныг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.

Өмнөх Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэгт 6 сая төгрөгийн хандив гардуулжээ
Дараах Хүүхдийн баяраар ХААНА, ЯМАР тоглолт болох вэ?