0

Японы Киото хот дахь Отани их сургуулийн Судалгаа, Олон улсын харилцаа хариуцсан дэд захирал, Отани их сургуулийн Шин-Буддист судалгааны хүрээлэнгийн захирал, Профессор, Доктор Такаши Мацүкаватай Монголд ирээд байхад нь уулзлаа. Монгол Улсын нутагт Монгол, Түрэг, Уйгар, Хятан зэрэг нүүдэлчид олон зуун жил оршин тогтнож, түүх соёлын арвин өв үлдээсэн. Тэрхүү өв соёлын дотор янз бүрийн хэл, бичгээр хад чулуунд сийлж үлдээсэн хөшөө, бичээснүүд нь бидний өвөг дээдэс хэн байсан тухай түүх, соёл, сэтгэлгээний гүн гүнзгий ул мөр болж, өдгөөг хүртэл судлагдсаар байгаа юм.

Профессор Такаши Мацүкава 1994 онд эхэлсэн Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийг хэрэгжүүлэх багийн судлаачаар ажиллахдаа Монгол нутгаар хөндлөн гулд явж, хөшөөд, хадны бичээсүүдийг шинээр нээн илрүүлж,  олон судалгаа хийжээ. Монголын түүхийн талаар монголчуудаас илүү мэдээлэл цуглуулсан Японы эрдэмтэнтэй түүхийн шарласан хуудсыг сөхөн ярилцсанаа Уншигч танд хүргэж байна.

-Монгол хэлний ангийг сонгож, Дорно дахины түүхийг судлах болсноос тань яриагаа эхэлье?

-Намайг дунд сургуульд байх 1970-аад оны үед Японы NHK телевизээр Silk road буюу Торгоны зам гэж баримтат кино гарсан нь миний төдийгүй, олон нийтийн сонирхлыг ихэд татаж билээ. Бас “Тансан лам Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” кино гарлаа. Түүнээс хойш Торгоны зам, Дундад болон Төв Азийн талаар сонирхож эхэлсэн л дээ.

Тухайн үед Дундад Азийн хэл заадаг анги Гадаад хэлний сургуульд байгаагүй. Зөвхөн Монгол хэлний ангид монгол хэл зааж байсан учир элссэн хэрэг. Хэдийгээр Монгол хэлний ангийг төгссөн ч Хөх хотод Өвөр Монголын их сургуульд суралцсаны дараа монгол хэл, Монголын түүхийн гүн гүнзгий утга агуулгын зах зухаас мэдэрч, Монгол судлалыг насан туршийнхаа ажил болгохоор шийдсэн юм.

-Таны анхны судалгаа юу байв? 

-Өвөр Монголд суралцаж байхдаа XVIII зууны үеийн зурхайн номыг судалж, тэр сэдвээрээ магистрын зэрэг хамгаалсан. Түүнээс хойш би монгол зурхайн талаар сонирхож эхэлсэн л дээ. Цааш нь сурвалж бичгийн ухаан болон түүхийн талаар гүнзгийрүүлэн судлахаар болж, “Долоон өвгөний судар”-ыг зөвхөн монгол биш, хятад, түвд, уйгур хэлний Долоон өвгөний судартай харьцуулан судлахаар мастерийн судалгааны ажлынхаа сэдэв болгож сонгосон. XIV зууны эхний хагаст бурхны ямар, ямар судар монгол хэлнээ орчуулагдсан тухай судалгаа хийсэн. Цэндийн Дамдинсүрэн гуайн “Монголын уран зохиолын дээж Зуун билэг оршвой” зохиолд Долоон өвгөний судар бий. Энэ судар Хятадаас гаралтай.

Дараах Цагаан сар тойрсон бодол эргэцүүлэл

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх