Японы Осака хот дахь Угсаатны зүйн музейн судлаач, Монголч эрдэмтэн Хотта Аюүми судалгаа шинжилгээний ажлаараа ирээд байхад нь уулзаж ярилцлаа. 

-Таны ажилладаг Угсаатны зүйн музей ямар үзмэрүүдтэй вэ?

-Энэ музей зөвхөн үзмэрээр зогсохгүй, музейн үзмэрийг баяжуулах чиглэлээр 70 гаруй судлаач ажиллаж судалгаа явуулдаг Японы хамгийн том музей. Судлаачид нь гадагшаа явж, цуглуулсан зүйлсээрээ музейн үзмэрийг баяжуулдаг. Үнэтэй чамин тансаг эд зүйл гэхээс илүү дэлхийн олон орны жирийн иргэдийн өдөр тутмын хэрэгслийг судалж, цуглуулсаар байна.

-Та Монголд ямар чиглэлээр судалгаа хийж байна вэ? 

-Нүүдэлчний соёл, тэр дундаа мэдээлэл солилцооны талаар судалж байна. Нүүдэлчдэд мэдээлэл солилцох нь хамгийн чухал. Ялангуяа малчдад өвс ургамлын гарц хаана сайн байна. Чоно хаагуур их байна гэх мэтээр өдөр бүр бие биеэсээ мэдээлэл авч, шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Гэхдээ тэр мэдээлэл нь нүдэнд харагдахгүй учир судлахад хэцүү.

 

Тийм учраас би ямар нэг эд, биетэй зүйлийг эхлээд судалъя гэж бодоод 2009- 2012 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд Архангай аймгийн Хотонт сумын нэг малчин айлд хоёр сараар хамт амьдраад нүүдэлчний амьдралыг судалсан. Тэр гэрт байгаа бүх эд барааг судалсан. Цоожтой авдарт байгаа зүйлсийг ч үлдээлгүй айлын хүмүүстэй цуг гаргаад, түүхийг нь сонсоод зураг авсан.

 

-Айлд хэрэгтэй, хэрэггүй есөн шидийн л эд зүйл байгаа байх. Тэр болгон Таны судалгааны ажилд ямар тустай юм бэ? 

-Эд зүйлийг зүгээр тоолох төдий биш. Тэр эд бараанд яаж хандаж байгааг судална. Жишээ нь, нэг даавуу байлаа гэхэд “Хэзээ, хэнээс авсан, ямар шаардлагатай учраас авсан” гэх мэтээр нарийвчилж, барааны намтрыг цуглуулсан хэрэг. Тэгж байхдаа Монгол хүн, тэр дундаа малчин хүний эд бараа бол мэдээлэл гэдгийг олж мэдлээ. Малчин хүн өдөр бүр айл хэсэж, аяга цай уунгаа яриад суудаг.

Өмнөх Т.Мацүкава: Гүег хааны захидал Ватиканы нууц архивт байгаа
Дараах Цагаан сар тойрсон бодол эргэцүүлэл